--

Цогт цагийн хүрдэн

 Бурханы шашинтан зон олны орой дээрээ залан шүтэж ирсэн шүтээнүүдээс Цогт Цагийн хүрдэн буюу Энэтхэг хэлээр Калачакра, Төвд хэлээр Дүйнхор хэмээх бурханы талаар таньд толилуулж байна. Номт 3 улс хэмээн дорно дахинд алдаршсан Энэтхэг, Монгол, Төвд оронд олон зуун жилийн тзртээгээс бурханы шашны сургаал номлол дэлгэрч, мандал буурлын түмэн нугачааг давсаар эдүгээ 21-р зуунтай золгож буй билээ. Бурхан багш 2500д жилийн тэртээ өөрийн сургаал номлолыг айлдсан юм.

Туулсан бурханы намтрыг нийтийн хийгээд нийтийн бус хэмээн 2 ангилдаг. Нийтийн цадиг нь Бурхан багш Энэтхэг оронд хааны агь болон төрж, элдэв зүйлийн гачигдалгүй, хотол чуулган төгс амьдарч байгаад, хүмүүний ертөнцийн зовлон зүдгүүрүүдийг мэлмийгээрээ тольдож, таалалдаа тунгаан, төрөх, өвдөх, өтлөх, үхэх тэргүүтэн 4 зовлон буйг болгоож , түүнээс гарах арга замыг эрэлхийлсээр, тэр замаа олсон нь эгэлийн амьдралыг тэвчин, тойн хувраг болох юм хэмээжээ. Ингээд 29 нас сүүдэртэйдээ өргөө гэр, хатан албатаа орхин гарч, Лоиру хэмээх сувраганы өмнө гэзгээ аван, хувраг болж, дээдийн номыг анхааран авч, нисванисын 5 хор тэргээтэнг ялан дийлж, сэтгэлээ номхотгон ариусч, эрдэм бүхнийг төгс олон, гэгээрч бурхан болсон гайхамшигт цадигтай бөлгөө. Нийтийн бус цадиг нь бурханы эрдмийг хэрхэн яаж олох, урьд хэрхэн бурхан болж байсныг шавь нартаа илтэд үзүүлэх зэргээр сонин гайхамшигуудыг үзүүлж байсан түүх бөлгөө. Бурхан багш Нирунзана хэмээх мөрний дэргэд 6 жилийн турш бясалгал даяан хийж 35 сүүдэртэйдээ мөрнийг гатлан Гаяад хүрч, Бодь модны дор гүш өвс дэвсэн тэгш агуулсан бясалгалд оршин улмаар зуны эхэн сарын 15 ны үүрээр бурханы хутгийг олон гэгээрсэн ажээ. Энэ нь өөрийн туршлагаар зовлон юунаас үүдэлтэй гэвэл номхотгоогүй сэтгэлийн эрхээс гэдгийг нотлон, түүнийг дарах ерөндөг нь сэтгэлийг номхотгон, ариутган гэгээрүүлснээр ашдын амгаланд хүрэх дээд зам гэдгийг номлон, эгэл хүмүүн бээр орчлонгийн зовлонгоос гэтэлж, амар амгаланд хүрэх боломжтой юм хэмээн өөрийн биеээр илтэд үзүүлсэн их зохионгуй юм.

Ийнхүү өөрийн нээсэн замаа шавь нартаа сэтгэл харамгүй заан сургаж, түүний сургаал номлол зуун зуунаар дамжин өртөөлж, ертөнцийн 4 зүг 8 зовхист дахь сая сая хүмүүн төрөлхтөнийг амар амгалан амьдрахуйд уриалан дуудаж, эх болсон 6 зүйл хамаг амьтаны эгээрэл горлыг хангасаар байгаа билээ. Бурхан багш гучин таван сүүдэртэйдээ бурханы хутагийг олж, гучин зургаан сүүдэртэйдээ Тас цогцолсон ууланд “Билгийн чинадад хүрэхийн товч” хэмээх номоо айлдаж байх үед нэгэн зэрэг их ирд хувилгааныг үзүүлэн Балданбарайбүн буюу одоогийн Энэтхэгийн Амравата хэмээн газар гурван сарын арван таванд Цагийн хүрдэн буюу Дүйнхор –ийн номоо айлджээ. Энэ номонд Шамбалын хаан Очирваань бурханы хувилгаан Даваасамбуу тэргүүтэй ерэн долоон хаад хамт ирсэн байна.

 Бурхан багш Дүйнхор бурханы хот мандалын 722 бурхад, гол Дүйнхор бурханы лагшин, зарлиг таалалын бүрэн гүйцэд ванг тавьж бурханы эрдэм олох тухайд иш үзүүлээд “Дүйнхорын үндэс” 1200 шүлэг ном зохиосон буюу. Энэ үед бурхан багш 600 жилийн дараа Шамбалын хаан Жамбалдагва болох “Дүйнхорын хураангуй үндэс” зохиох бөгөөд түүний хүү Бадамгарав “Дүйнхорын хураангуй үндэс”-д тайлбар зохионо хэмээн иш үзүүлсэн байна. Жамбалдагвын зохиосон “Дүйнхорын хураангуй үндэс” бол 1. Сав ертөнц буюу гадны дүйжий хорол 2. Шим ертөнц буюу дотор зүйжин хорол 3. Бусад дүйжий хорол 4. Дүйнхорын нууц тарнийн Төрөхийн зэрэг 5. Дүйнхорын нууц тарнийн Төгсөхийн зэрэг гэсэн 5 үндсэн бүлэгтэй зохиол юм. Их Монгол орно бурхан багшийн айлдсан цагийн хүрдэний номлол анхлан бурханы шашин дундад азиар дамжин нэвтрэх үеээс эхлэлтэй хэмээдэг ч 18-р зууны үеээс Цагийн хүрдний зурхайн гол шүнгээс Монгол орны газар нутгийн хуваарьт тохируулан Төгс буянт шинэ зурхайн ёсыг, Монгол зурхайн эрдэмтэд Сүмбэ хамба Ишбалжир, Цахар гэвш Лувсанчүлтэм тэргүүтэн мэргэд шинэчлэн найруулснаар, Цагийн хүрдний номлол дэлгэрэхийн суурь болжээ.

Энэ үеээс эхлэн үе үеийн Жавзандамба хутагууд тусгайлан анхаарч ирсэн бөгөөд, ялангуяа V Богд морилон очиж Цагийн хүрдний нууц авшиг тэргүүтэнг Лхо Жасрай хэмээх эрдэмтэн ламаас залж, улмаар Их хүрээнд Далхын дэнж буюу эдүгээ бидний мэдэх Гандангийн дэнжид 19-р зууны эхээр Дэчингалба хийдийг байгуулахаар өөрийн жасаас хөрөнгө санг шийдэн, сүсэгтэн олон ч өргөл барьц өргөсөөр Их Монгол оронд анхны Дүйнхорын буюу Цагийн хүрдний дацан үүссэн байгуулагдсан түүхтэй аж. Энэ үеээс эхлэн Дүйнхорын тусгай уншлага зан үйл үйлддсээр, Монгол мэргэд дүйнхорын номлолд ихэд мэргэшин, Дүйнхорын ван тэргүүтэнг сүсэгтэн олонд айлдаж байсан баримт байдаг. Иинхүү мандан бадарч байсан дээдийн номын хур хэлмэгдүүлэлтийн үетэй золгон, ороо бусгаа цагийн эрхээр хаагдсан боловч, 1944 онд Гандантэгчинлэн хийд дахин хурал номын үйлээ эрхэлж эхлэхэд дүйцэн өдрүүдийн хурал хурдаг болжээ.

1990 онд Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам Энэтхэгийн Варнас хотод Дүйнхорын ван айлдах үедээ дараачийн ванг Монгол оронд айлдана хэмээсний дагуу манай шашны удирдлагууд Дэчингалба дацанг сэргээн, байгуулах ажил эхлүүлэн, хуучин дацанд хурж асан Данзан тэргүүтэн лам хуврагууд залуу хойч үеээ бэлдэхээр идэвхийлэн чармайж сагар, чогор, цам тэргүүтэнг зааж сургасаар, мөн Дээрхийн гэгээнтэн ч тусгайлан анхаарч, Дарамсала дахь өөрийн шашны үйлийг эрхэлдэг Намжал дацангийн эрдэмтэй лам нарыг илгээн, дэмжиж, 1995 онд өөрийн биеээр морилон ирж, Монгол түмэнд Дүйнхорын ванг айлдсан нь дахин сэргэж буй шашны нарны гэрлийг үлэмж тэтгэсэн нь түүхэн гавъяат үйлс юм. Дээрхийн гэгээнтэн 1954 онд Төвдийн Лхаст анх Дүйнхорын ван айлдсанаас хойш, 2006 оныг хүртэл 30 удаа айлдаж, энэхүү дээдийн номыг даяан дэлхийн сүсэгтэн олонд хүргэсэн билээ.

ДҮЙНХОР БУРХАН Нууц тарнийн ёсны бурхад янз бүрийн дүр төрхтэй байдаг боловч уг мөн чанартаа бүгд бурхан багш юм. Энэ янз бүрийн өнгөтэй догшин дүртэй байгаа нь олон тэргүүнтэй, олон мутартай, олон зүйл барьсан, юмтай (эм бурхан) өөрийн бясалгал, анхааран авах ёстой холбогдон зохицож байдаг. Ер нь нууц тарний дээд үндэсний үүднээс бол судас, хий, дусал гуравыг бясалгалын хүчээр амар болгон гүйлгэж, бурханы хутагийг түргэн олох нийт бусын нэг онцгой эрдэм байдаг юм. Энэ нь амьтан бүхний үндсэнд бурханы хутгыг олох чадал буйг илтгэдэг. Гэвч бидний сүдас, хий, дусалыг зөв явуулж амар болгон бурханы эрдэм чадалыг илт болгуулж чадахгүй байгаа зүйл бол нясваанясын хилэнц нүгэл хоёр юм. Хүмүүний бие нь хий, судас, дусал гурваас бүтсэн бөгөөд энэ гурвыг бясалгалын хүчээр зөв гүйлгэж чадахгүй байгаа тул эгэл бие уур хилэн, хурьцал тачаал, мунхагаар энэлэн зовж бурханы эрдэм төрөхгүй байгаа юм. бясалгалын хүчээр зөв гүйлгэж явүулбал Бодьсадын сэтгэл, хоосон чанарын мэдэл маш хүчтэй төрөөд олон галавт хураах буяны үйлсийг нэг насанд хийж чадах болой. Бурхан багш анх номоо номнохдоо шавь нарын ухааны хир хэмжээнд тааруулж "Их хөлгөн", "Бага хөлгөн"-ий хоёр ёсыг айлдсан байна. “Их хөлгөн"-ий ёсыг хамгийн ухаантай хувь сайтай шавь нарт айлдсан бөгөөд “Их хөлгөн"-ий ёс нь дотроо "Сударын ёс", "Тарнийн ёс" гэж хоёр байна Хамгийн ухаантай, хувь сайтай шавь нарт номлосон "Нууц тарнийн ёс" нь дотроо "Үйлийн нууц тарнийн үндэс", "Явдалын нууц тарнийн үндэс", "Бясалгах нууц тарнийн үндэс", Хайнцашгүи бясалгах нууц тарнийн үндэс" гэж дөрөв байдаг.Гадна талын үйл дотор талын бясалгал хоёроос гадна талын үйлийг голлон хийх нь "Жажэд" буюу "Үйлийн нууц тарниин ёс" буюу гадна талын үйл, дотор талын бясалгал хоёрыг адил тэгш хийх нь "Жожэд" буюу "Явдалын нууц тарнийн ёс" юм.Гадны талын үйл, дотор талын бясалгал хоёроос дотор талын бясалгалыг голлож байгаа нь "Нал жаржүд" буюу "Бясалгах нууц тарнийн ёс" бөлгөө. Тэрнээс дээш бясалгал байхгүй учраас "Налжорлана мэдвиин жүд" буюу "Хайнцашгүй бясалгалын нууц тарниин ёс” гэжээ. "Хайнцашгүй бясалгалын нууц тарнийн ёс" нь дотроо "Эцгийн үндэс", "Эхийн үндэс" гэж хоёр байна. Бурханы лагшин таалал хоёроос лагшинг бүтээх бясалгалыг гол дэлгэр үзүүлсэн нууц тарнийн ёсыг "Пажүд" буюу "Эцгийн үндэс" гэх ба Таалалыг бүтээх бясалгалыг гол дэлгэр үзүүлсэн нууц тарнийн ёсыг "Мажүд" буюу "Эхийн үндэс" гэнэ.Дүйнхор бол "Мажүд" буюу "Эхийн үндэс"-ний ёсонд багтана. Ер нь хэн ямар Ядам бурхантай ойрхон холбоотой байна түүнийгээ бясалгах нь чухал хэрэгтэй юм. Жигжид, Сандүй, Дэмчиг, Дүйнхор тэргүүтэн нь Ядам бурхан юм. Ядам гэдэг бол гол болгож бясалгах бурханыг хэлнэ. Ямар ч Ядам бурхан бясалгасан ч түүний орд харш, бурхад сэлт нь онолын эрдэм гадна талын дүрсийн байдалд урван гарах юм.Дотор цагийн хүрд үйлийн үртэй холбоотой хий, бие таван цогцос бүгд дуусаад гадна жил, сар тэргүүтэн гурван цаг мөн чанараараа бүтээгүй, хоосон чанарын хэлбэр дүрс хот мандалын бурхадын дүр ургасан нь Дүйнхор юм.

 Цагийн хүрдэнд "Гадна цагийн хүрд ", "Дотор цагийн хүрд", "Бусад цагийн хүрд " гэсэн гурван зүйл бий. Гадна цагийн хүрд гэдэг нь нэг жилд арван хоёр сар, нэг сард гуч хоног, нэг жилд 360 хоног ээлж дараагаар эргэхийг хэлнэ. Дотор цагийн хүрд гэдэг нь нэг өдөр шөнөд 21600 удаа амьсгаа авахыг 12 хуваагаад нэг нэгээр эргэхийг хэлж байгаа юм. Бусад цагийн хүрд гэдэг нь гадна цагийн хүрд, дотор цагийн хүрд хоёр мөн чанараараа бүтээгүй хоосон чанар нь бурханы лагшинд ургаж байгааг хэлнэ. Дүйнхор бурхан олон тэргүүнтэй, олон мутар өлмийтэй, олон зүйл барьсан зэрэг нь Дүйнхор бурханы дотор талын эрдэм, гадна талын дүрсэнд урваж харагдаж байгааг үзүүлдэг. Дүйнхор бурханы баруун талын хөл улаан өнгөтэй, жийсэн байрлалтай, зүүн талын хөл цагаан өнгөтэй, хумисан байрлалтай, бүсэлхиинээс гол тэргүүн хүртэл хар хөх өнгөтэи байгаа нь юуг бэлэгдэж байна гэвэл бясалгал хийсний хүчээр баруун талын хөлөөр эхийн улаан дусал доош хураагдах зүүн талын хөлөөр эцгийн цагаан дусал хураагдахыг бэлэгдэж байгаа юм. Ер нь хүн амьд байх үед гол судасны дунд эхиин улаан дусал дороо, эцгийн цагаан дусал дээд талд, завсар нь сүнс саванд байгаа юм шиг байдалтай байдаг. Тэгээд эхийн улаан дусал дээш хураагдан хоёр дусал гадагш гарна. Сүнс нь зулай, дух, нүд,чих, хамар, ам, хүйс, нууцын хоёр орон гэсэн есөн сүв газраар гарахад хүн ертөнцийн мөнх бусыг үзүүлдэг.

Дүйнхор бурханыг бясалгах үед бол бясалгалын хүчээр улаан дуслыг доош давхарлан хурааж, цагаан дуслыг дээш давхарлуулан хурааж, үйлийн үрийн хий, биеийн хувь бүгдийг байхгүй болгох бөгөөд энэ нь төмөр саванд мөнгөн ус хийхэд мөнгөн ус төмрииг бүгдийг иддэг шиг Сүнс бол урвашгүй дээд амгалангийн мөн чанартай учраас түүнийг бэлэгдэж бүсэлхийнээс дээш гол тэргүүн хүртэл хар хөх өнгөтэй байгаа юм. Учир нь бусад бүх өнгө урвадаг бөгөөд хар хөх өнгө хэзээ ч урвадаггүй тул урвашгүй дээд амгаланг бэлэгдэж байгаа юм. Баруун хөлний өлмий дор хүслийн тэнгэр улаан өнгөтэй Дүдгэрваанчиг, зүүн хөлийн өлмий дор догшин цагаан өнгөтэй ваанчиг гишгэсэн байгаа нь баруун талын ором судас хоёрт хий байгааг илэрхийлж байгаа бөгөөд тэр судсаар хий явуулахгүйг илэрхийлж хоёр өлмий дор ваанчиг гишгэсэн байгаа юм. Тэр хоёр хийг юугаар хааж байна гэвэл гол судсанд хий орж тэр хоёр судсыг хааж байгаа юм. Үүнийг нь бэлэгдэж Дүйнхор бурханы өлмийд сар, нар, рахүл гурвыг бэлэгдэн цагаан, улаан, хар гурван өнгийн дэвсгэртэй байгаа юм. Ер нь хүн юмыг бүрэн гүйцэд танин мэдэж чадахгүй байгаа нь юунаас болох вэ? гэвэл баруун зүүн хоёр талын судсанд нясваан няс, атгаг, мунхагтай холбоотой хий явж гол судасаар хий яваагүйгээс болж байгаа буюу. Ийм учраас: Бодьсадын сэтгэл хоосон чанарыг мэдсэн сэтгэлийг гол бариад баруун, зүүн хоёр судасны гэмийн хийг дарж чадаад гол ум судсаар хий явж байвал атгаг нясваан няс мунхагийг арилгаж чадна. Дүйнхорын нийт бусын мөрийн зэргийг гүйж бясалгавал нясвааняс, хилэнц, хүндийг тэвчиж гол судсанд цагаан, улаан дуслыг дээш доош давхарлуулан хурааж дөрвөн махбодь, биетэй холбоотой байгаа үйлийн хий бүгд барагдаад энэ насанд Дүйнхор өөрийн биеэс ангид хоосон чанарын мөн чанартай Дүйнхор бурханы лагшин бодитой бүтэж чадах юм.

 Үүнээс арай дэлгэр тайлбарлавал: Гадна сав ертөниийн талаас Дүйнхор бурханы хоёр өлмий нь нэг жилд арван хоёр сар эргэх буюу нар ойртох, буцах хугацаанд нэг жил багтахыг, дотор шим ертөнцийн талаас бол бясалгаачин нэг өдөрт хамрын хоёр нүхээр арван хоёр хийг ээлжлэн сольдог бөгөөд энэ нь баруун зүүн хоёр судаснаас гарч буйг бэлэгдэж байгаа юм. Мөн баруун, зүүн талын мутарын мөр нь гадна сав ертөнцийн нар ойртож буцах, дотор шим ертөниийн арван хоёр хийг урт богино зургаа зургаагаар ээлжлэн гарч байгааг, арван хоёр булчин нь гадна арван, дотор арван хийг ээлжлэн эргэхийг тус тус бэлэгдэнэ. Баруун зүүн талд нийт хорин дөрвөн бугуй буй нь гадна арван хоёр сард эхэн, дунд, адаг сар гээд хорин дөрөв болж байгааг, дотор арван хоёр хийг дээш аривдах, доош буурах гээд бүгд хорин дөрөв болж байгааг тус тус бэлэгдэнэ. Нэг мутарт арван таван үе байх бөгөөд хорин дөрвөн мутарт бүгд гурван зуун жар болох буюу энэ нь гадна нэг жилийн 360 хоног, дотор нэг хийд гучин бага хий байгааг арван хоёр хийд гурван зуун жаран бага хий оршдогийг бэлэгдсэн юм. Цагаан найм, хар найм, улаан найм гэсэн нийт хорин дөрвөн мутар нь лагшин, таалал, зарлигийн мөн чанарыг, таван хуруу нь шар, цагаан, улаан, хар, ногоон таван өнгөтэй бөгөөд шороо, ус, гал, хий, огторгуй гэсэн таван махбодыг тус тус бэлэгджээ. дотор шим ертөнцийн бясалгалын үеийн тухайд Дүйнхор бурханы лагшин, таалал, зарлиг билиг билгүүнийг гэх мэт зүйлийн эрдэмийг олохыг бэлэгдсэн.

Мөн язгуурын дөрвөн бурхан Донёддүв, Одвагмэд, Ринжүндорж, Намнанг бэлэгдсэн. Дүйнхор бурханы мутарт элдэв зүйлийн юмс барьсан байгаа нь янз бүрийн үйлийг бэлэгдсэн. Жишээлбэл, барын арьс зүүн нь уур хилэнг дарах, хүний арьс нь шунал тачаалыг дарах, зааны арьс нь мунхаг харанхуйг амирлуулахыг тус тус бэлэгдсэн. Энэ мэт Дүйнхор бурханы өнгө, тэргүүн, мутар, өлмий, барьсан зүйл, зүүсэн зүүлт чимэг бүгд нь ямар нэгэн зүйлийг бэлэгдсэн байх бөгөөд бясалгаачин энэ бүгдийн утга учрыг мэдэж бодон бясалгавал Дүйнхор бурханы эрдэмийг олох юм. ДҮЙНХОР БУРХАНЫ ОРОН ЖИНХОР БУЮУ ХОТ МАНДАЛ "Мандала" гэсэн нь санскрит үг бөгөөд төвдөөр "Нямбулэн ба" буюу "Шимийг нь авах" гэсэн үг юм. Ерөнхийдөө хот мандалыг зурах, өнгө бүрийн элсээр, янз бүрийн зүйлээр барих, биеийн мөн чанараар, бясалгалаар гэсэн хэд хэдэн янзаар бүтээдэг байна. Бясалгалчин Дүйнхор бурханыг бясалгаад гарсан гол эрдмийн бэлэгдэл нь Дүйнхорын хот мандал юм. Дүйнхорын хот мандалд таалалын тусгай хот мандал, лагшин, зарлиг, таалал гүйцэд бүрдсэн хот мандал гэж хоёр байна. Мидрижарзагийн 108 ван тавих үед зурж бүтээсэн хот мандалыг хэрэглэж болно. Богд Зонхова-ийн ёсонд үүнээс гадна Дүйнхорын ван тавих болон бусад үед хот мандалыг таван өнгийн элсээр бүтээсэн хот мандал байх ёсон бий. Буян хураахын тухайд Дүйнхорын хот мандалыг эрдэний зүйлээр, эрдэнийн зүйлийг өнгийн элстэй хольж бүтээх, дан элсээр бүтээх гэж байдаг байна. Хот мандалын таван өнгөний улаан өнгийг шүр, цагааныг сувд (дун), шарыг алт, ногооныг оюун, хөхийг номин гэсэн таван эрдэнийн зүйлээр бэлэгдэн (хот мандалыг) бүтээдэг байжээ

Дүйнхор бурханы хот мандалын мөн гадна сав ертөнц, дотор шим ертөнц хоёр үүссэн дарааллын талаас авч үзвэл: Гадна сав ертөнц анх бүтэх үед эхлээд огторгуй, хий, хий гал махбодь холилдон дулаан, хий усан махбодь холилдон газар, газрын шим нь сүмбэр уул бусад янз бүрийн тивүүд гарсан байна. Дотор шим ертөнц анх бүтэхдээ эхийн хэвлийд огторгуй махбодь, дусалыг гаргах хий махбодь, дуслыг татах дулаан буюу гал махбодь, түүгээр татагдан гарсан цагаан, улаан дусал усан махбодь, усан махбодь нягтарч шороон махбодь болж шим ертөнцөд эхийн умайгаас зургаан махбодьтой бодьгал болж төрнө.Бас өөрөөр хэлбэл орон зай буюу огторгуй махбодь нээгдэх, хоёр дусал сүнс гурвыг шороон махбодь барих, усан махбодь хураах, гал махбодь боловсруулах, хийн махбодь аривжуулах тэргүүтэн бүрдэж байж бодьгал төрнө гэх мэт. Эхийн умайгаас зургаан махбодьтой төрсөн бодьгалын толгойн оройд хийн хот мандал, хоолойд галын хот мандал, зүрхэнд усан хот мандал, хүйснээс нууцын орны хооронд нуруунд сүмбэр уул, нууцын оронд найман судас байгааг найман дэлбээтэй лянхуа цэцэг, мөн гол гурван судас байгааг нар, сар, рахүлээр тус тус бэлэгдсэн байна.

Ер нь Дүйнхор бурханы хот мандалыг хийх үед эхлээд газрын эзнээс хот мандал хийх зөвшөөрөл авах, хот мандал хийх таван өнгийн элс болон дүлцэнг язгуурын таван бурханы мөн чанартай бодож бясалгах, бас хот мандал хийх ширээнд тиг татдаг утасыг адислах тэргүүтэн чого ном уншина. Үүний дараа хот мандал хийх ширээнд "Пажүд" буюу "эцгийн ёс"-ны тиг татна. Эндээс үргэлжлүүлэн хот мандалыг хийх дөрвөн хүн хот мандалын тиг, бусад бүх зүйлийн бүрэн гүйцэд эх зургийг зурж Дуусгаад таван өнгийн элс буюу дүлцэнгээр хот мандалыг хийж эхлэнэ. Хот мандалыг хийх дөрвөн хүн дөрвөн талаас нь хийх бөгөөд голын таалалын хот мандалаас эхлэн гадагш хийж дуусгана. Дүйнхор бурханы хот мандал нь таалал, зарлиг, лагшингийн гэсэн гурван хот мандалаас бүрдэх бөгөөд хот мандалд ил бодитой 722 бурхад залрах ба далд хязгаарлашгүй олон бурхад заларна. Таалалын хот мандал Дүйнхор бурханы хот мандалын хамгийн голд найман дэлбээтэй ногоон өнгөтэй лянхуа цэцэг, түүний голд нар, сар, рахүл байгаа нь эр, эм Дүйнхор буюу Дүйнхор бурхан яв, юм хоёр тэгш оршиж байгааг бэлэгдэнэ. "Баруун зүүн" буюу "рам, жам" хоёр судас "Гол" буюу "Ум" судасанд хурсаны хүчээр урвашгүй их амгалан төрж хамаг юмсыг илт мэдсэний ачаар гадна дотор талын сав шим ертөнц бүгд мөн чанараас бүтээгүй, хоосон чанар, үйлийн хийгээс бүтсэн, цогиос бүгд дууссан хоосон дүрсээс хот мандал Дүйнхор бурхан бүтнэ гэдгийг бэлэгдсэн юм. Ингэж бясалгаж чадсанаар хязгаарлашгүй хураасан хилэнц нүгэл нясвааняс бүгд алга болох юм. Таалалын хот мандалд нийтдээ далан. бурхан заларна. Лянхуа цэцгийн голд Дүйнхор яв, юм, найман дэлбээн дээр нь найман юм, Дэшигпармагийн дөрвөн зүг, дөрвөн зовхист яв, юм бүгд арван зургаа, дөрвөн хаалганы баруун зүүн талд бодьсадва яв, юм бүгд арван зургаа, завсарт доржмаа явтай найм, дөрвөн хаалганы үүдэнд догшин дүртэй яв, юм найман тус тус заларна. Таалалын хот мандалын гадна талын дөрвөн зүг, дөрвөн зовхис, газар тэнгэр бүгд арван хоёр тахил өргөсөн бурхан байна. Зарлигийн хот мандал Зарлигийн хот мандалд ниит зуун арван зургаан бурхад заларна. үүнээс дөрвөн зүг, дөрвөн зовхист найман дэлбээтэй найман дэлбээтэй цэцэг байна. Найман дэлбээний голд явтай найман дагинас бүгд арван зургаа байна.

Найман цэцгийн найман дэлбээн дээр найм, найм бүгд жаран дөрвөн эм бурхад заларна. Зарлигийн хот мандалын гадна талд гучин зургаан эм бурхад залардаг.Зарлигийн хот мандалын хана туурганы таван өнгө нь сүжиг, хичээл, санамж, бясалгал, билэг билгүүн гэсэн таван мэдлийг бэлэгдэж байгаа юм. Лагшингийн хот мандал Лагшингийн хот мандалд таван зуун гучин зургаан бурхад заларна. Дөрвөн зүгт хоёр хоёр, дөрвөн зовхист нэг нэг, хорин найман дэлбээтэй арван хоёр лянхуа цэцэг байна. Энэ нь арван хоёр сарыг, хорин найман дэлбээтэй цэцэгний голд шинийн арван таван, битүүний хоёр бурхан яв, юм болоод голд нь бусад хорин найман өдрийн бурхад хорин найман дэлбээн дээр заларна. Энэ бүгд гурван зуун жаран бурхад болно. Дөрвөн хаалганы үүд, газар тэнгэрт догшин дүртэй яв, юм бүгд арван хоёр бурхан, мөн дөрвөн хаалганы баруун, зүүн тал, газар тэнгэрт яв, юм таалал, зарлиг, лагшингийн хот мандлын гүйцэд тиг арван лус бүгд хорин бурхан заларна. Лагшингийн хот мандалын гадна талд гучин зургаан эм бурхан, гал, хийн хот мандал дээрх дэвсгэр хүүрийн газар буюу хоролын дөрвөн зүг, дөрвөн зовхис тэнгэр, газарт нохой нүүртэй яв, юм (эр, эм) бүгд хорин бурхан, хүүрийн газрын дөрвөн зүг дөрвөн зовхис, завсар тэнгэр лус тэргүүтэн арван нэг арван нэг буюу нийт наян найман бурхад байна. Ингэж хот мандалд ил бодитой 722 бурхан байхаас гадна далд маш олон бурхад оршдог бөгөөд Жишээлбэл: Таалалын хот мандал гол дахь Дүйнхор бурханы дотор Мижүваа Ширчинма, Нацаг юмын дотор Доржиенгийваанчигма Доржсэмба гэх мэт хот мандалд тоолшгүй олон бурхан далд оршино. Лагшингиин хот мандалын хана туурганы таван өнгө нь таван хүчийг, ханын дээд ирмэгийн унжлага чимэглэл арван парамид, бурханы найман эрдэмийг тус тус бэлэгдсэн

Мөн өглөг өгөх, бясалгалын явдалын тухай сургаал номнох, түүнтэйгээ өөрөө зохисон явдалтай баих энэ дөрвийг хананы дөрвөн өнцөгт байгаа Нацагдорж бэлэгдэж байгаа юм. Дүйнхорын хот мандал нь нийтдээ гурван давхар баидаг бөгөөд гуравдугаар давхарт нь шат шиг таван давхар байх буюу түүний голд лянхуа цэцэг байна. Тэр дээш тав давхарласан нь таван махбодыг бэлэгдэж байгаа юм.. Гуравдахь давхарын хана гурван өнгөтэй байгаа нь гүрван хөлгөний эрдэм бүрэн гүйцэд төгссөнийг бэлэгдэж буй бөлгөө. Хот мандалын дөрвөн өнгөнөөс хар өнгө нь Дүйнхор бурханы таалал, улаан нь зарлиг, цагаан нь лагшин, шар нь билиг билгүүнийг, таалал, зарлиг, лагшингийн хот мандалд дөрөв дөрвөн (бүгд 12) хаалга байгаа нь арван хоёр шүтэн барилдлагааг ариусгах тэргүүтэнг тус тус бэлэгджээ. дүйнхор бурханы таалал, зарлиг, лагшингийн хот мандалын гадна талд шороо, ус, гал, ХИЙ, огторгуй гэсэн таван махьбодын хот мандал, таван өнгийн галаар хамгаалсан хүрээ байдаг. Таван махбодийн хот мандал нь таван илт мэдлийг, шороон хот мандал дээр байгаа "Юндэн" буюу "хасбат" нь өнө мөнх байх өлзий тэмдэгийг тус тус бэлэгдсэн байна.Гал, хийн хот мандал дээрх дэвсгэр хүүрийн газар буюу хорол нь хутагтын найман мөрийн зэргийг бэлэгдсэн бөгөөд хүүр гэдэг нь минимхийлэн баригч эзэн сүнс байхгүй байгаа юм. Түүн шиг бурханы шашинд минимхийлэн барьдаггүй үзэл нясвааняс хилэнц бүгдийг арилгадаг юм гэдгийг бэлэгдсэн тэмдэг болохоос жинхэнэ хүүр тавьдаг хүүрийн газар биш юм. Мөн хүүрийн газрын дөрвөн зүг, дөрвөн зовхист арван нэг, арван нэгэн ланз үсэг байгаа нь лагшингийн хот мандалын гадна талын гал, хийн хот мандал дээрх наян найман бурханы нэрийн эхний үсэг бэлэгдсэн болно. Огторгуйн хот мандалд очирын хүрээ байгаа нь Бурхан гэмийн язгуур бүгдийг арилгаж эрдэм бүгд төгссөн, бусдын янз бүрийн гэм хорлолоос хамгаалахын тзргүүтэнг бэлэгдсэн. Таван өнгийн галын хүрээ байгаа нь таван билиг билгүүнийг бэлэгдсэн. Дүйнхор бурханы хот мандал бүхэлдээ арга билгийн мөн чанар бүрэн гүйцэд төгссөн маш ариун нандин гэдгийг элсэн хот мандалын зүүн хойд зүгт сар ургах, өмнө баруун зүгийн завсар нар жаргахаар бэлэгдсэн байна.

Үүнээс гадна хот мандалд байгаа амьтад бол бурхадын унаа хөлгийг бэлэгдсэн байгаа юм. Жишээлбэл: Хот мандалын Дүйнхор бурханы баруун мутарын баруун урьд талд хүний дүрс байгаа Арагчас бурхан бэрд хөлөглөснийг, зүүн өмнөд өнцөгт буга байгаа нь хийн бурхан буюу Лүнлха буга хөлөглөсөн, зүүн зүгийн хаалган дээр гахай тэрэг хөлөглөсөн байгаа нь Одсэржама бурхан долоон гахай хөлөглөсөн тэргэн дээр заларч байгаа болон дөрвөн хулгана хөлөглөсөн байгаа нь мөн бурханы унааг тус тус бэлэгдсэн байна. Дүйнхор бурханы таалал, зарлиг, лагшин гүйцэд бүрсэн хот мандалын өнгө, нэг бүр, дүрс нэг бүр, үсэг нэг бүр болон чимэглэл, зураас бүгд цаанаа нарийн утга учиртай. Ямар нэг зүйлийн бэлэгдэж байгаа юм, . ДҮЙНХОРЫН ХОТ МАНДАЛ БҮТЭЭХ ГОРИМ Нэгдэх өдөр. Таалалын Дагжид буюу өөрөө Дүйнхор бурхан болж бясалгах зан үйлийн ном уншиж бясалгана. -Дүйнхор айлдах лам багш, ван авах шавь нарын хооронд номын барилдалгаа бэлэг дэмбэрэлийн зан үйл ломажизин хийнэ. -Газрын эзнээс дүйнхор бурханы хот мандал хийх зөвшөөрөл авах зан үйлийн ном уншина. -Өөрийн лагшин, орон газрыг хамгаалах тухай зан үйлийн ном уншина. Эхний өдрөөс дүлцэн хот мандалыг хурааж лусад залах хүртлэх хугацаанд элдэв зүйлийн барчид саад гаргахгүй хамгаалах тухайд арван пүрэвийн зан үйлийн ном уншиж хот мандал хийх ширээний арван зүгт арван пүрэвийг залан байрлуулна. Дүйнхор айлдах лам дараа өдрүүдэд хэрэглэх арван бумбыг адис жинлавтай олон нандин зай орсон рашаанаар дүүргэн бэлтгэж тавина. Хоёрдахь өдөр. Лагшин, зарлиг таалалын дагжидын зан үйлийн ном уншиж Сагар буюу газрыг адислах барчид саад гаргахгүй хамгаалах тухайд бүжиг хийнэ. Тэгээд бумбын лагшин зарлиг таалалын зан үйлийн ном уншиж бясалгана. Хот мандал бүтээдэг таван өнгийн элс буюу дүлцэнг язгуурын таван бурханы мөн чанартайд бодож бясалгах зан үйлийн ном уншиж адислана. Хот мандал хийх ширээнд тиг татах утас, хонх, очирыг тус тусад нь бурханы мөн чанартайд бодож бясалгаад зан үйлийн ном уншина. Хот мандал хийх ширээнд Дүйнхор бурханы хот мандалын тиг татна. Тиг татсан энэ өдрийн оройгоос хот мандал хийх дөрвөн хүн хот мандалын тиг, бусад бүх зүйлийн эх зургийг зурж гүйцэнэ. Гуравдахь өдөр. Дагжидын таалалын хот мандал, бумбын таалалын зан үйлийн ном тус тус уншиж бясалгана. Хоёрдахь өдөр зурсан хот мандалын эх зураг нь дээр Дүйнхор бурханы хот мандал байдаг бүх бурхан, нацаг юм тэргүүтэнг тоогоор нь арвайгаар орлуулан бэлэгдэж тавих бөгөөд үүнийг цомбо тавих гэнэ. Тэгээд Дүнжид буюу өмнөх (өмнөх ямар нэг зүйлийг) бурханаа бодитой бодож бясалгаж лагшин, зарлиг, таалалын гүйцэд зан үйлийн ном уншиж бясалгана.

Зан үйлийн номоо уншиж дуусаад Дүнжидийн лагшин, зарлиг, таалалын хот мандалыг огторгуйд огшоон тогтож байгаа байдалтайгаар бодож хот мандалын бурхадыг бэлэгдсэн цамбыг хурааж авна. Билиг билгүүнийг бэлэгдсэн тигийн таван өнгийн утсыг таван өнгийн бурханд бодож чого ном уншина. Ингээд билиг билгүүний тигийг татна. Үүний дараа Дүйнхорын ван тавих Доржловон лам Дүйнхорын хот мандалын зүүн хойд зүгээс хана туургыг нь дүлцэн элсээр эхэлж хийнэ. Ингэж Дүйнхорын хот мандалыг таван өнгийн элсээр эхэлж дүлцэнгээр бүтээх ажил эхэлж байгаа бөгөөд үүнээс үргэлжлүүлэн хот мандалыг дөрвөн талаас нь бүтээх дөрвөн хүн хийж эхэлнэ. Дөрөв, тав, зургаа, долоо дахь өдрүүдэд Дагжид, бумбын чого номоо уншиж бясалган, Хот мандалаа үргэлжлүүлэн хийнэ. Наймдахь өдөр. Дүйнхорын хот мандалаа дүлцэнгээрээ дуусаад бадан, жанцан тэргүүтэн чимэг тахил өргөх арван бумбаа мандалын арван зүгт зална. Ес дэх өдөр. Дагжид, бумбын чого ном уншиж бясалган Чойгор буюу номын тахил бүжиг хийнэ. Аравдахь өдөр. Өглөө Дүнжид, Бумбын лагшин, зарлиг, таалалын чого тахил өргөх хүртэл уншиж бясалгана. арван нэг , арван хоёр, арвангурав, арван дөрөв дэх өдөрүүдэд дүйнхорын уншлага үйлдэн Дорж ловон Дагжид, бумба, дүнжидийн Чого ном уншиж бясалгана.Үдээс хойш. Дүйнхорын хот мандалд шавь нар сүсэгтэн. мөргөх ажиллагаа болно. Дараа нь Дүйнхорын хот мандалыг хураах чого ном уншиж бясалган хот мандалыг хураана. Хот мандалын хураасан дүлцэнг залах газар очин чого ном уншиж лусад Дүйнхорын хот мандалын дүлцэн өргөснөөр дүйнхорын хурал өндөрлөнө.

 

Дүйнхор бурханы зүрхэн тарни: Хам Ча Ма Ла Ва Ра Яа

Дүйнхор бурханы бэлэг тэмдэг: Нанжу вандан “Тийн арван эрхэт”

Сэтгэгдэлүүд:

1. Болжмор | 2008-09-16 02:40:41
Одоо болж байна...жаахан хураангуйлаад нөгөө бичлэгээ оруулчихвал зүгээр байх хө...за амжилт шүү...хэхэ
2. amanjinka | 2008-09-16 02:45:21
за энэ сайхан мэдээлэл бна аа хө амжилт шүүү..яасан ч гоё блог вэ?ялангуяа энэ ард явж бгаа дуу бол ёстой сайхаааан сайхан

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.