Манай уран бүтээлийн баг шороон хулгана жилийн зуны дунд сарын 15 нд, Буриад зоны оройн дээд шүтээн, бүх оросын буддын шашны төв, Иволгийн дацанг зорьж илчит тэрэг хөлөглөн, сүсэгтэн олны төлөөлөлийн хамт хөдөллөө. Хөх мөнх тэнгэрийн дор хүлэг сайн морьд, ган болд зэвсгийн хүчээр дэлхийг тохьнуулж явсан өвөг дээдсийн минь өлгий, элэг нэгт Монгол туургатан Буриад зоны нутаг шивэр их ой, Байгал далай ээжийн буянаар ган гачиг үздэггүй гэнэм.Тал хээр, хангай хосолсон байгалийн тогтоц нь Монгол нутгийн нийтлэг өнгө төрхийг тодоос тод илтгэх аж. Буриад нутаг дахь бурханы шашны түүх Анхдугаар ширээт лам Дамбадаржаевын үеээс буюу 18-р зууны дундаас эхтэй хэмээн судар шастирт тэмдэглэн үлдээжээ.
20-р зууны эхэн үеийн пролетарын хувьсгалын дараа зуун зуун жилээр төгөлдөржин хөгжиж ирсэн уламжлалт соёл, зан заншил уруудан доройтож, түүний дотроос бурханы шашин илтэд бууран, 10000 гаран лам хувраг элдэв дарамт хавчлагын золиос болж амь насаа алдах, цөллөгөнд явах зэргээр хэлмэгдсээр 1940 д онтой золгожээ.
Дэлхийн 2-р дайны үед Буриадын ард түмэн, Оросын улаан армийг дэмжин эд хөрөнгө мөнгө хандивласанд СТАЛИН ихэд талархсан байна. Энэ үед 17 –р Бандид хамба Лувсан нима дармаев тэргүүлэн хувьсгалын шуурганд өртөн, мөхлийн эрмэгт хүрсэн уламжлалт шашнаа сэргээхийг хүссэн айлтгал хүргүүлсэнд, Сталин бээр шинэ газар, Улаан үд хотоос холгүй хийд байгуулахыг зөвшөөрсөн байна. Ингээд 16000 лам нараас үлдсэн 500 д лам нарын тэргүүн 17- р бандид хамба лам Лувсан нима дармаев тэргүүлэн Улаан үдээс 30 мод газар, баруун зүгт орших Иволги хэмээх газрыг сонгон хийдийн шав тавьж, 1946 оны хаврын эхэн сард анх нээн, хурал номын ажил эхэлжээ.
Эдүгээ Иволгийн дацан ОХУ-н голлох 3 албан ёсны шашны нэг Буддын шашны төв болж 150 д лам хуврагтай Буддын гүн ухааны, Сайн цагийн Майдар бурханы, Энхжингийн орны, Сахиусны зэрэг дуган сүмүүд, буддын шашны их сургууль, номын сан, суврага шүтээнүүдээс бүрдсэн цогцолбор байгууламж болж, бүс нутгийн бурханы шашинт үндэстэнүүд болох тува, хальмаг, саха, уулын алтай төдийгүй европын орнуудаас бурханы шашны сургаал номлолыг судлахаар ирсэн лам хуврагуудыг эгнээндээ нэгтгэн, ази европ тивийг холбосон буддын шашны томоохон төв болсон төдийгүй, оросын төдийгүй бусад орны жуулчин гийчдийн сонирхолыг татсан газар болжээ.
Өөрчлөлт шинэчлэлтийн үр нөлөөгөөр энгийн иргэдийн уламжлалт шашин шүтлэгээ шүтэх эрх чөлөө нээлттэй болсноор, Буриад зоны магнай тэнийж сэтгэлдээ тээж явсан уламжлал соёл, зан заншилаа хойч үедээ үлдээх боломж бий болжээ.
1979 онд Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам Данзанжамц Монгол оронд зохион байгуулагдах Азийн буддистуудын энх тайвны бага хуралд төлөөлөгчөөр оролцохоор морьлохдоо, Москвагаар дамжин явж Улаан Үдэд морилон , Иволгийн дацанд саатан сүсэгтэн олонд дээдийн номын хур айлдсан бөгөөд 1992 онд мөн дахин морилж ариун номын авшиг хүртээн, залуу лам хуврагуудыг Энэтхэг дэхь Төвдийн дацан хийдүүдэд очиж суралцах боломж нээн өгсөн нь эдүгээ Буриад нутагт бурханы шашны мандан бадрахад ихээхэн хувь нэмэр оруулсан буянт үйлс болжээ.
Дээрхийн гэгээнтний айлчлалаас хойш Гомбоев тэргүүтэн эрдэмтэн мэргэд Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх шашны дээд сургуульд залуу лам нараа сургаж ирсэн нь ч тэдгээр мэргэдийн алс хэтийг харсан холч ухаан байсан бөгөөд, энэ нь шашны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг эдүгээ шашын үйлээ тэргүүлэн эрхэлж буй хуврагуудын үйл хэрэгээс тодхон харж болох ажгуу.
Мөн Бурхан багшийн 16 найдангийн 9 дэхь найдан, 19-р дүрийн Бакула хувилгаан Түвдэнчогнор буриад зоныг уламжлалт шашнаа сэргэн мандуулахад өөрийн алжаалыг үл тоон зүтгэсэн ачтан бөлгөө.
Хорвоогийн 8 дахь гайхамшиг хэмээгдэн дэлхийн тэргүүлэх эрдэмтэн мэргэд судлан шинжилсээр эдүгээ 81 жил бясалгалын хүчээр оршиж буй Итгэлт хамба лам 1852 оронд мэлмий гийн, 16 нас сүүдэртэйгээсээ Анинский дацанд бурханы шашны сургаал номлолд суралцан цанид чойр буюу буддын гүн ухаан, анагаах ухааанд илтэд мэргэжсэн номт мэргэн гавьж лам байжээ.
Итгэлт лам 1911 онд бүх оросын 12-р Бандид хамба ламаар өргөмжлөгдөн буриад нутагт бурханы шашин мандан бадрааж, Петрбүрг хотод буддын шашны Гүнзэ чойнид дацан байгуулсан нь европод анхны буддын сүм болсон байна. Дэлхийн 1-р дайны үед “Буриадын ахан дүүс” хэмээх нийгэмлэг байгуулан, ард иргэдээс хандив цуглуулан оросын армид хүнс, хувцас, бэлэн мөнгө тэргүүтнээр туслан, оточ лам нарыг илгээн цэргийн эмнэлэгүүдэд дэхь шархтнуудад туслуулж байв.
1926 оноос шавь нартаа цөвүүн цаг ирж буйг анхааруулан амгалан орон руу зорихыг зөвлөж байсан гэдэг. 1927 онд 75 нас сүүдэр зооглох үедээ лам нараа цуглуулан бясалгал үйлдэн, өөрийнхөө хойдохыг уншихыг хүссэнд, шавь нар нь гайхан тээнгэлзсэнд, өөрөө эхлэн уншсаар, лам нар ч өөрийн эрхгүй уншлагаа уншиж эхэлэхэд лянхуа суудлаар ажран жанч халсан аж.
Тэрбээр би улаантны гарт орохгүй миний гэрээслэлээр оршуулаарай хэмээсний дагуу сүсэгтэн олон шавь нар бээр, Хөх зүрх хэмээх газар бунхан бүтээн дотор нь лянхуа суудлаар ажирсан хэвээр нь залжээ. Байгалийн элдэв гамшиг, үер ус, салхи шуурганд өртөх вий гэсэн шавь нар нь 1955, 1973 онд зорин очиж, тусгай ёслол үйлдэн, бараалхан ажиглахуйд бясалгалд суусан мэт хэвээр байсанд ихэд гайхширч байсан ч цөвүүн цагийг эрхээр цөөн хүмүүсийн сэтгэлд тээгдсээр урин цагтай золгосон ажгуу.
2002 оны 9 –р сарын 11 ны билэгт сайн өдөр буюу бунханд залснаас хойш 75 жилийн дараа нууц шүтээнийг уламжлан хамгаалж ирсэн Балбар лам тэргүүтэн лам нар, анагаах ухааны эрдэмтэн мэргэдийн хамтаар лагшинг Иволгийн дацанд залжээ. Энэ үед эрдэмтэд хэдхэн хоногийн дараа үгүй болно, шинжлэх ухааны үүдээс оршин тогтох боломжгүй хэмээж байсан ч өдгөө 6 жилийг үдэн, даян дэлхийн хүн ардад бурханы шашны гайхамшигийг бишрүүлэн, эрдэмтэн мэргэдийн оюуныг сорьсоор байна.
2003 онд лагшингийн үс, хумснаас дээж авч шинжилэхэд энгийн амьд хүнтэй ижил байсан нь эрдэмтэдийн гайхширлыг бүр ч төрүүлсэн байна.
Эдүгээ Иволгийн дацанд олон салбараас бүрдсэн эрдэмтэдийн баг нууцыг тайлахаар идэвхитэй ажиллаж байна.Итгэлт хамбын үзүүлсэн ер бусын иш шидийн талаар одоо ч буриадын ард түмэн бахархан хэлцдэг.
Нэг удаа Хамба ламыг гадагш морилсон үед Галуут нуурын хийдэд нь босуул цэргүүд ирж, түйвээж буй мэдээ ирэхэд, ламтан нуурыг тойрвол цаг их алдах тул нуурын усан дээгүүр морьтойгоо явтал, ус ярагдан зам бий болж, улмаар ярагдсан усны давалгаа хийдэд хүрч, сүрдсэн босуулууд зугтан оджээ. Ийнхүү нуурын ус бузартсан хийдийг ариутгасан хэмээн хэлцдэг аж.
Гэгээнтэнтэй холбоотой нэгэн сонирхолттой тоон үзүүлэлт байдаг.
Түүний урд урдын төрлүүдийн анхдагч нь бурхан багшийн ойрын шадар шавь нарын нэг байсан бөгөөд түрүү дүр буриадын анхдугаар бандид хамба лам 75 нас сүүдэр зооглон, таалал төгсөхдөө 75 жилийн дараа би дахин морилоно хэмээн айлдсаны дагуу Итгэлт хамба мэндлэн, мөн 75 нас сүүдэр зооглон, жанч халснаас хойш мөн л 75 жилийн дараа зон олныхоо эгээрэл горлыг хангахаар, өөр өөрийн шашин шүтлэгтэй даяан дэлхийн хүн ардад бурханы шашны гайхамшигийг өөрийн биеээр илтэд үзүүлэхээр морилсон нь энэ ажээ. Өрнө дорнын эрдэмтэн мэргэд түүний 150 гаран жил, түүний дотроос одоогийн байдлаар 81 жил амьд бодгаль мэт гадны ямар нэг нөлөөгүйгээр оршиж буйн учрыг 2 янзаар тайлах гэж оролддог. Гэвч аль нь ч үүнийг баталж чадахгүй байгаа бөгөөд таамаг төдий зүйл юм.
1 дэхь нь : түүнийг он удаан жил бясалгалийн хүчээр оршиж буй хэмээдэг
2 дахь нь : Итгэлт хамба нисванисын 5 хороос илтэд ангижирч, туулсан бурханы замаар замнан гэгээрч, өөрийн биеийг адислан үлдээсэн хэмээдэг.
Буддын шашны онолын үүднээс авч үзвэл хүний биеийн бүхий л судаснууд Ромо, Жама хэмээх 2 судсанд хураагдаж, бүхний охь шим нь энэ 2 судасны дунд орших УМ судсанд оршдог хэмээдэг. Энэхүү УМ судас нь эгэл хүний нүдэнд үл үзэгдэх бөгөөд, гагцхүү дотоод сэтгэлийн хүч буюу бясалгалын аргаар хөгжүүлж, улмаар орчлонгийн эдлэв түйтгэрээс ангид байх, гэгээрийн замд хөтөлдөг эх болсон 6 зүйл хамаг амьтаны дундаас гагц хүмүүн төрөлхтөнд л заяасан хишиг ажгуу.
Хамба ламтаны он удаан жилийн оршиж буйн нууц ч энэ онолоор тайлбарлагдах боломжтай юм.
Ум сайн амгалан болтугай
Dashi-Dorzho Itigilov (1852-1927) Итгэлт хамбын лагшин бурханы бие
Итгэлт хамбын лагшин олсоны 81 жилийн дараа
Бүх Оросын Буддын шашны төв Иволгийн дацан




Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: