--

ДЭЭРХИЙН ГЭГЭЭНТЭНИЙ ЦАДИГ

Дээрхийн гэгээнтэн 14-р  Далай лам Данзанжамц 1935 оны 7-р сарын 6 буюу  16 –р жарны  хөхөгчин гахай жил Цаст Төвд орны зүүн хойд хэсгийн Амдо нутгийн Дагцэр хэмээх газар эгэл тариачин эцэг Чойжицэеэн, эх Дэжидцэеэн  нарын   дэхь хүү болон төржээ.

Бяцхан хүүд Лхамдондов хэмээх нэр хайрласан байна.  1935 онд Төвдийн шашин төрийн тэргүүн 13-р Далай лам Түвдэнжамцын хойд дүрийг тодруулах засгийн газраас тохоон томилогдсон түшмэд, ихэс лам нараас бүрдсэн шинжээчдийн баг Лхасын зүүн өмнө зүгт байдаг Лхамо Лхацо хэмээх нууцлаг нуурын усанд ирээдүйн үйл явдлаа шинждэг уламжлалт заншлын дагуу шинжихэд А, ХА, Ма 3 үсэг бүхий хийдийн дүрс тодорчээ. 1937 онд Төвдийн өнцөг булан бүрт илч илгээн дээрхи шинэ тэмдэг бүхий газрыг хайлгасан байна.

Зүүн зүгийг ахалж явсан Сэра хийдийн Хэвсан хувилгаан Амдо нутагт хүрэлцэн ирж, нутгийн иргэдээс асууж лавлах, шинжээчдийн төлгөнд буусан газар нутгийн байршил зэргээр хүүг олон, урьд дүрийн гэгээнтний хэрэглэж байсан эд өлөгийг бусад ижил зүйлтэй нийлүүлэн үзүүлтэл, Түвдэн жамц ламтаны эрхи, тагш тэргүүтнийг төвөггүй ялган авсан төдийгүй Сэра агаа хэмээн өөрийг нь дуудсанд

шинжээчид ихэд бишрэн сүсэглэж, нягтлан шинжилсээр 14-р Далай лам мөн хэмээн тодруулжээ.

 Нууранд тодорсон 3 үсэгний А нь Амдо нутгийг, Ха нь Гүмбүм хийдийг,  Ха, Ма үсэгнүүд нь Дагцэр тосгоны дээд ууланд байдаг  Гарма Ролбий доржийн хийдийг тус тус илэрхийлж байжээ.

 

Ийнхүү  зорьсон үйлээ бүтээсэн төлөөлөгчид Төвдийн засгийн газарт айлтгал хүргүүлэн,  дулаан цагийг хүлээн хэсэг саатан, хүүг авч явах гэтэл орон нутагт байх хятад түшмэд их мөнгө нэхэн саатуулах зэргээ хориг саад хийсээр, Гүмбүм хийдэд өвөлжин, хавар Лхасын зүг хөдлөн 2 сарын турш явсаар Лхаст хүрэлцэн ирэхэд

 ихэс лам нар, төрийн төлөөлөгчид, сүсэгтэн олон баяр хөөрөөр дүүрэн угтан авч ёслол үйлджээ.

 

Бурханы шашинтнууд Далай ламын дүрүүдийг Бурхан багшийн лагшин, зарлиг, таалалын хувилгаадын таалалын хувилгаан энэрэн нигүүлсэхүйн оройн дээд шүтээн Мэгжид жанрайсэг буюу “Мэлмийгээр болгоогч” бурханы хувилсан дүр эх болсон 6 зүйл  хамаг амьтаныг энэрэн нигүүлсч, нисванисын зовлонгоос гэтэлгэхийн зарлигт хэмээн хүндлэн дээдэлж, бишрэн шүтэж иржээ.

 

Ийнхүү 1940 оны 2-р сарын 22-нд бяцхан хүүг үе үеийн Далай лам нарыг залж,

Хувраг сахил хүртээн  Жавзун Жамбал Наваан Лувсан Иши Данзанжамц хэмээх алдар хайрлан үе үеийн Далай лам нарыг залж ирсэн арслант ширээнд залж,  6 нас сүүдэр зооглох үед нь сүмдаг тэргүүтэн бичиг үсэг заан, өдөр тутмын уншлага цээжлүүлэн, үргэлжлүүлэн бурханы шашны их бага 5 ухаанд шамдан суралцаж,  цастын орны оройн чимэг болсон их ёнзон багш нараас бурхан багшийн үеээс уламжлан дамжин ирсэн нарийн нандин увьдас, иш, лүн ванг хүртэн 23 настайдаа Лхасын Жохан хийдэд цагаан сарын их ерөөлийн үеээр гэвш лхаарамбын дамжаа барьсан байна.

1950 онд Дээрхийн гэгээнтэн бээр уламжлалын дагуу Төвдийн төр засгийн тэргүүнээр тохоон томилогдсоноор,  түүний   эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэх үйл хэрэг эхэлсэн байна.

1954 онд  Хятадын удирдагчид Мао Зэ Донг, Дэн Сяо Пен,  Жоу Енлай нартай энхийн хэлэлцээр хийхээр Банчин богд болон бусад бараа бологчдын хамт Бээжинг зорьж хэлэлцээр хийж байв.

Гэвч 1959 онд хятадын ардын чөлөөлөх арми феодализмыг түлхэн унагаах нэрийн дор Лхас хот руу цэрэг оруулан Төвд орныг эзэлсэнээр төрийн Чойжин сахиус, эрдэмтэн багш нарын зөвлөснөөр  Дээрхийн гэгээнтэн эх орноосоо бараа бологчдын хамтаар энгийн цэрэг хувцас өмсөн дүрвэн гарчээ. Энэ бол гэгээнтний амьдралын хамгийн хүнд хэцүү үе байсан хэмээн өөрөө дурссан байдаг.

Тэр  үед нэгэн төлөгч дээрхийн гэгээнтэнг эх орондоо байх аваас амь насанд халтай, орхин гарваас зовлон зүдгүүр амсах хэдий ч нэгэн цагт чандмань эрдэнэ мэт замбулинд шүтэгдэх болно хэмээн айлдсан гэдэг. Түүний тодорхой жишээ нь бидний нүднээ илхэн байгаа билээ.

 

Эдүгээ Дээрхийн гэгээнтэн Бурханы шашны ариун сургаал номлолыг дэлхийн сая сая ард түмэнд хүргэхээр 6 тивийн өнцөг булан бүрт морьлон очиж дээдийн номын авшиг хүртээн хүн төрөлхтөнийг амар амгалан амьдрахуйд уриалан дуудаж, хүний эрх, хүчирхийлэлийн эсрэг тайван замаар тэмцэхийн үлгэр дууриалал болж буй бөгөөд түүний нэр их зүтгэлийг дэлхий нйит үнэлэн хүндэтгэж хүн төрөлхтөний сод бүтээл туурьвилд олгодог Нобелийн шагнал 1989 онд олгосон билээ.

 

1956 онд Дээрхийн гэгээнтэн Бурхан багшийн мэндэлсэний 2500 жилийн ойд оролцохоор Энэтхэгийн их удирдагч Жавхарлал Неругийн урилгаар Энэтхэг оронд мөн Банчин Богдын хамт морьлоход Энэтхэгийн төр засгийн болон жирийн иргэд халуун дотноор угтан хүлээн авсан нь 2000 гаран жилийн түүхтэй Бурханы шашины охь шимийг 20- р зуун хүртэл хадгалж, хамгаалж ирсэн Төвдийн ард түмнийг хүндэтгэсэний илэрхийлэл байлаа.

Үүний ч ач тусаар 1959 онд дүрвэн очиход найрсагаар хүлээн авч Төвд оронтой газар нутаг, уур амьсгалын хувьд ойролцоо Гималай нурууны баруун хойд хэсгийн Дарамсала хэмээх уулын тосгонд сууршин амьдрах зөвшөөрөл олгосноор, зовж зүдэрсэн дүрвэгсдийнхээ эрх ашгийг хамгаалах дүрвэгсдийн засгийн газар,  төвдөд байдаг уламжлалт хийд дацан Гоман, Брайвун, Сэра, Жүдо, Жүдэ хийд дацангууд,

Мэнзээкан буюу эмнэлэг зурхайн сургууль, Норбулинга уламжлалт соёл, зан үйлийн институт зэрэг олон олон байгуулагууд  үүсгэн байгуулсан юм. Энэ бүх зүтгэл нь  Төвдийн төдийгүй дэлхийн соёлын өвийг тэтгэн хамгаалж, ялангуяа бурханы шашны их хөлөгний уламжлалыг өнөө үетэй золгуулж,  цагийн эрхээр доройтоод байсан Монгол туургатан ард түмэний уламжлалт шашин соёл сэргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.     

Монгол, Төвд 2 улс хүн төрөлхтөний соёлын анхдагч өв хутагт Жагарын орны Ариун ганга мөрний уудам хөндийгөөс Цаст их Гималайн нурууг умар, дорно зүгээр даван хальсан соёлын үрийг тус тусын нутагт  идээшин дасгаж эдүгээ үндэсний соёлын салшгүй өв болгосон төдийгүй хүн төрөлхтөний өмнө дэлхийн соёлын яндашгүй өвийг 21-р зуун хүртэл тээн ирсэн түүхэн гавъяатай ард түмэн билээ.

Монгол оронд Бурханы шашин хэрхэн дэлгэрсэн талаар манай номын мэргэд судар бичигт олондоо тэмдэглэн үлдээсэн байдаг.  Номт мэргэн гавьж Зава Дамдин бээр

 

Хутагт Энэтхэгийн орны Бурханы номын анабад далайн усан

Хувьт Хотан Ли орны Үхэр уулын ам сугаар дамжаад

Хувь сацуу Хятад, Төвд, Монголын буяны тариалангийн газар цутган бууснаас

Хурамханд тус амгалангийн тариан төмс бүхэн төрөлхтний чухал тэжээлд боловсорчээ

Эрдэнэт Шагжамүнийн шашны нарны их гэрэл

Энэ Хятад, Төвдийн их нур хавчиг жалганд тусахаас урьд

Эрт Хор Монгол орны их талын дунд гийн туссан ёсыг санаваас

Эдүгээ ба бүрний өвөг дээдсийн хувь хишиг ч бас доорд бус хэмээлтэй

 хэмээн айлдсан байдаг.

 

Монгол оронд анх дундад азиар дамжин дэлгэрч эхэлсэн боловч хожуу Төвдийн эрдэмтэн мэргэдийг залан  төвдийн сажа, нимава тэргүүтэн хуучны урсгалуудыг шүтэж ирсэн бол,их эзэн Чингис хааны алтан ураг соён гэгээрүүлэгч Өндөр гэгээний үеээс эхлэн Гэлэгвийн урсгал зонхилох болж 20-р зууны эхэн үе хүртэл хөгжлийн дээд үед хүрч,эрдэм номоороо Төвдийн мэргэдээс ч илүү гарч,төвд хэл дээр зохиол бүтээлээ туурвин,бурханы шашны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж иржээ.

Ийнүү бурханы шашин мандан бадарч ирсэн түүхэн замналд үе үеийн Далай лам нарын оруулсан хувь нэмэр нэн их юм.

14-р Далай лам Данзанжамц Монгол оронд анх Гандантэгчинлэн хийдийн хамба номч мэргэн гавьж С.Гомбожав гуайн идэвхи санаачлагаар  1979 онд  Азийн буддистуудын энх тайвны бага хуралд төлөөлөгчөөр оролцохоор морилон иржээ.

13-р Далай лам Түвдэнжамц 20-р зууны эхэн үеээр Монгол оронд морилохдоо би усан хонин жил дахин морьлоно хэмээн Сайн ноён хан аймгийн Далай чойнхор вангийн хошуунд саатахдаа айлдсан гэдэг, энэ ч билгээр уран хэмээн алдаршсан Гандан хийдийн лам Данзан гуай Ганданд

1979 онд хургатай хонь өргөн Далай багш минь хонь жил морьлох лүндэнтэй юм хэмээн дээдсийн бошгийг дэлгэсэн гэдэг

Тэр үеээс эхлэн өнөө хүртэл 1981  1991, 1994, 1995, 2002,  2006 онуудад морьлон ирж сүсэгтэн олны эгээрэл горьлыг ханган нэгэн үед мандан бадарч явсан бурханы шашныг сэргэн хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Түүний айлчлалаас хойш Дээрхийн гэгээнтний шууд дэмжлэгээр Энэтхэг дэхь Төвдийн бурханы шашны дацан, сургуулуудад үе үеийн залуу лам нарын төлөөлөл эрдэм сурахаар хүрэлцэн очиж их зохиолч Д.Нацагдоржийн

“Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдмийг өвөрлөн ирнэ” хэмээн хэлсэнчлэн  эдүгээ Монголын бурханы шашны өнгө төрх болж буй МБШТ  Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц, Зүүнхүрээ Дашчойлин хийдийн хамба лам Ч.Дамбажав, бурханч лам Пүрэвбат, Манба дацангийн хамба  Нацагдорж зэрэг  лам нар хутагт жагарын оронд шашны боловсрол эзэмшиж ирсэн бөгөөд одоо ч олон олон хувраг Дээрхийн гэгээнтний дэмжлэгтэйгээр эрдэмд шамдсаар байна.

Тэр бээр монгол лам хуврагуудыг харь газар эрдэм сургаад зогсолгүй Жадо ринбүчи тэргүүтэн эрдэмтэн багш нарыг илгээн хүрээ хийдийн лам хуврагуудад дээдийн номын адистэд хүртээж ирсэн нь Монгол оронд бурханы шашин дүлба жаягынхаа дагуу сэргэн хөгжихөд үлэмж хувь нэмэр оруулж байна.

2007 оны 11-р сард  Дилав хутагт Данзанламэд хувилгааны санаачлагааар Монгол туургатан ард түмэн Монгол, Хальмаг, Буриад, Тувагийн сүсэгтэн олны төлөөлөл анх  удаа Дээрхийн гэгээнтний өргөө байрладаг Энэтхэгийн Дарамсала хотод хуран чуулж түүний 73 нас сүүдэр зооглож буйд болон АНУ-н ерөнхийлөгч Ж.Буш Конгрессын Алтан медаль олгосон явдалд хүндэтгэл үзүүлэн Бат-Оршил өргөж манай уран бүтээлчдийн төлөөлөл  эгшиг дуун хадагаа, урчуудын төлөөлөл зураачид өөрсдийн бүтээсэн бүтээлүүдийнхээ дээжээс дээжлэн өргөн соёрхуулж, Дээрхийн гэгээнтэн зорьж очсон сүсэгтэн олонд Лам-зово намсүм буюу Мөрийн 3 эрхэм, Цэван буюу Насны авшиг ном айлдан  манай телевизийн хамт  дээрхи арга хэмжээг сүсэгтэн олондоо бүрэн эхээр нь  толилуулсан   билээ.

 

 

Сэтгэгдэлүүд:

1. zochin (зочин) | 2008-07-06 05:47:22
Unuundur Burhanii shashni terguun, dayan delhiin hun ardiin oyun sanaanii gerel Deerhiin gegeenten XIV Dalai lam Danzanjamtsiin melmii neesen udur.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.